Зукербергийн эцэг шүдний эмч бөгөөд тэрээр “Миний хүү юу хүссэнээ хийдэг байсан. Би дуртай сонирхолтой зүйлийг нь ч хорьж байгаагүй. Тэр өсвөр насандаа надад нэг программ бичиж өгсөн нь санаанаас гардаггүй юм. Тэр программ нь миний ажлын компьютерыг гэрийн компьютертай холбодог жижигхэн хэрэглэхэд авсаархан программ байж билээ” гэж түүний эцэг хүүгээрээ бахархан ярьсан байдаг. Марк Зукерберг Харвардад орохдоо бүр программ бичих донтон болсон байв. Түүний хэлсэн “Хэрэв нэг шөнийн дотор тонн код бичиж чадаж байвал тэр нь үр дүн” гэсэн нь нэг хэсэгтээ түүнийг алдаршуулсан.
Харин тэр ямар үр дүнд хүрснийг бид бүгд мэднэ. 2012 оны Форбес сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг 9.4 тэрбум гэж зарлаж байв. Түүнд одоо мөнгө сонин биш болсон бөгөөд хамгийн эрхэм зүйл нь түүний гэр бүл гэнэ. Тэрээр их сургуулийн найз охин Присцилла Чантай гэрлэсэн. Марк “Facebook”-ийг байгуулахдаа дэлхий хүмүүс илүү нээлттэй, илүү холбоотой байгаасай гэсэн ганц зорилго өвөрлөн хийсэн гэжээ.
Павел Дуров – ВКонтакте
Павел Дуров – ВКонтакте
Энэ үед түүний найз АНУ-д суралцаж ирээд тэнд “Facebook” гэдэг олон нийтийн сүлжээ байдаг тухай ярьсан байна. Энэ мэдээг сонсоод Павел Дуров Орост яагаад ийм төрлийн олон нийтийн сүлжээ байж болохгүй гэж бодоод хийхээр сэтгэл шулуудсан байна. Их сургуулиа төгссөний дараа тэрээр программист ахтайгаа хамтран “ВКонтакте” төслийг хийж эхэлжээ. 2006 оны 10-р сарын 1-нд "www.vkontakte.ru" домейн хаяг бүртгэгдсэн байдаг. Сайтаа нээгээд ердөө хэдхэн өдрийн дотор 2000 хэрэглэгчтэй болсон байв. Учир нь хамгийн их хүн урьсан хэрэглэгчийг “iPod”-оор шагнана гэж зар тараасан нь үр дүнгээ өгсөн юм.
“ВКонтакте” сайт байгуулагдаад зургаан жил өнгөрөхөд ОХУ-ын хамгийн том олон нийтийн сүлжээ болж чадсан юм. Түүнийг Форбес сэтгүүл Оросын хамгийн өвөрмөц бизнесмен гэсэн ангиллын гуравдугаарт оруулж байв. Тэрээр үнэхээр өвөрмөц хүн бөгөөд өнгөрсөн жил Санкт-Петербург хотын өдрөөр Дуров өөрийн менежерийн хамт 5000 дэвсгэртээр нугалж хийсэн онгоцыг өдөржин албан тасалгааныхаа цонхоор шидэж хүмүүст бэлэг барьсан аж. Нийтдээ 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг онгоц болгон нисгэсэн гэдэг. Энэ бол Орос хүнээс л гарах зан чанар гэж тэр үед Форбес бичиж байжээ.
Мэтт Мулленвег – WordPress
Мэтт Мулленвег – WordPress
Тэрээр өөрийн бизнесийн гараагаа Сан-Франциско хотод байдаг “CNET Networks” компаниас эхэлсэн. 2005 оны 8-р сард тэрээр өөрийн хувийн “Automattic” компаниа байгуулсан юм. Тэрээр компани байгуулаад Майк Литтлтэй хамтран “WordPress” төслөө эхлүүлсэн аж. “WordPress” гарсан даруйдаа хүмүүсийн анхааралд өртжээ. Учир нь хэрэглэхэд хялбар, бусдаас өнгө үзэмж сайтай зэрэг нь давуу тал болж өгсөн байна. Удалгүй “Automattic” компани ч интернетийн зах зээлийн томоохон компаниудын нэг болж чадсан юм. Хэдийгээр Мэтт Мулленвег “WorldPress”-ийг дэлхий нийтэд таниулсан ч хараахан тэрбумтан болж амжаагүй л явна. “WordPress”-ийг хэрэглэгчдийн ганцхан хувь нь сайр дураараа компанид орлого оруулдаг аж. Нээлттэй эх болохоор тэр.
Жек Дорси – Twitter
Жек Дорси – Twitter
Дорси Миссурийн их сургуулиас хасагдсаны дараа Нью-Йоркийн орон нутгийн “Dispatch Management Services” компанийн сайтад маш том нүх байгааг олж мэдээд тэр компанийн тэргүүн Грег Киддэд захидал илгээсэн байна. Танай цахим хуудасны хамгаалалт маш муу байгааг анхаарч үзнэ үү гэсэн мэйл авсан Кидд, Жек Дорсиг ажилд урьсан аж. Ийнхүү Дорси Нью-Йоркт ирж ажиллангаа Нью-Йоркийн их сургуулийн оюутан болсон түүхтэй.
Удалгүй Кидд Дорси хоёр “DNet” нэртэй компани байгуулж интернет дэлгүүрийн цахим хуудас нээн ажиллуулсан боловч амжилт олсонгүй. Жек ч өөрийн төрлөх Сент-Луйс руугаа буцаж тэндээ массажист, биеийн тамирын арга зүйч зэрэг ажил хийж байхад нь Грег Кидд Калифорнид өөр дээрээ дууджээ. Кидд тэр үед гэрийнхээ гаражид программ бичиж байв. Чухам тэнд Жек Дорси аль эртнээс санааг нь олсон “Twitter” хуудсаа хийсэн аж. “Twitter”-ийг хийхэд ердөө хоёр долоо хоног шаардсан байна. Ийнхүү 2007 онд та бидний өдөр тутмын хэрэглээ болсон “Twitter” үүсэн гарч тахал мэт хурдан дэлхий дахиныг бүрхсэн юм.
Дорси 2008 онд өөр төсөл дээр ажиллахын тулд компанийн үйл ажиллагаанаас холдов. Харин түүний бүтээсэн “Twitter” улам бүр хүчээ авч, жинхэнэ эрх чөлөөний билэг тэмдэг болж чадсан юм. Судлаачид “Арабын хавар” бослого хөдөлгөөн өрнөхөд “Twitter” хуудасны үүрэг маш их байсан гэж үнэлдэг. Түүний байгуулсан “Twitter” болон “Square” компани Дорсиг тэрбумтан болгосон юм. Тэрээр “Twitter”-ийн 3%-ийг эзэмшдэг бөгөөд энэ нь 240 сая ам.доллар болдог. Мөн “Square” компанийн 26.4%-ийг (845 сая ам.доллар) эзэмшдэг. Харин одоо тэрбумтан болсон Жек Дорси Нью-Йорк хотын дарга болохоор тэмүүлж байгаа гэнэ.
Кевин Систром – Instagram
Кевин Систром – Instagram
Тэр их сургуулийн гуравдугаар дамжаанд байхдаа гэрэл зураг авч сурахаар Италийн Флоренц руу явжээ. Тэр үед түүний багш дижитал зургийн аппаратыг нь хураан авч хямдхан хуучин, хальсны “Holga” аппаратаар сольсон байна. “Holga” нь зөөлөн фокустай, гэрэл зурагт ретро эффект өгдөг аппарат байв. Систром хожим нь гэрэл зургийн цахим хуудас нээж бусад хүмүүст ч ретро-гэрэл зураг санал болгохоор шийдсэн байв. Тэр өөрийн бизнест хөрөнгө оруулах хүнийг хайж яваад Майк Кригертэй танилцжээ. Тэд хамтран бизнес хийхээр болов. Тэдний анхны бүтээл “iPhone Burbn” нэртэй гэрэл зураг янзалдаг “Apple”-ийн “iPhone” утсанд зориулсан контент байсан ч хоёуланд нь таалагдаагүй гэдэг.
Харин “Instagram”-ын санааг Систромын найз охин Николь Шульц гаргажээ. Нэг удаа тэрээр Систромд түүний найз охидууд гэрэл зургийг хялбархан гоёор янзалдаг онлайн хэрэгсэл байдаг ч болоосой гэж ярьж байсныг хэлжээ. Энэ үед Систроны толгойд Флоренцид хямдхан “Holga”-аар гэрэл зураг авч байсан нь санаад оржээ. “Instagram” нь гар утсаар авсан чанар муутай зургийг гоёмсог болгодог билээ. Систром Кригер хоёр анх 2010 оны 10-р сарын 6-ны шөнө дунд “Instagram” контентоо “App Store”-т тавьсан аж. Тэдний бүтээлийг хүмүүс шөнөжин татаж авч өглөө нь технологийн сайтууд дээр “Instagram”-ын тухай гарч эхэлсэн нь тэдний хувьд амжилтын эхлэл байв. Сарын дараа “Instagram” сая хэрэглэгчтэй болсон байлаа. Тун удалгүй Кевин Систромд “Apple”-ийн танилцуулгын үеэр эхнээсээ дөрөв дөх эгнээд суун алдарт Стив Жобс хэрхэн түүний бүтээлийг тайлбарлаж байгааг харах хувь зохиол тохиосон юм.
Эх сурвалж: http://www.businessnews.mn
No comments:
Post a Comment